ШҮҮХ ХУРАЛДААНД ХҮНДЭТГЭН ҮЗЭХ ШАЛТГААНГҮЙГЭЭР
ИРЭЭГҮЙ ГЭРЧИЙГ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА АЛБАДАН ИРҮҮЛНЭ
Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 2025/ШТ/147 дугаар шүүхийн тогтоол.
Процессын тойм: № 3
Огноо: 2025.04.04-ний өдөр
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.
Санамж:
“Энэхүү тойм нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.”
Нийслэлийн прокурорын газраас: Т.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан,
Ц.М-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан,
Б.Ө-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд ирүүлжээ.
Урьд нь шүүх хуралдаанд оролцвол зохих хоёр улсын яллагч, нэр бүхий шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгчид, гэрч, шинжээч нарыг оролцуулан шүүх хуралдааныг товлосон боловч улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нар, шинжээч, гэрч нар хүндэтгэн үзэх шалтгаантайгаар хүрэлцэн ирээгүй, шүүгдэгч өөр өмгөөлөгч нэмж авсан, өмгөөлөгч хэргийн материалтай танилцана гэсэн үндэслэлүүдээр шүүх хуралдаан хэд хэдэн удаа хойшилсон.
Тус шүүхээс Т.Б, Ц.М, Б.Ө нарт холбогдох хэргийн шүүх хуралдааныг 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 10 цаг 00 минутад товлосон боловч шүүх хуралдаанд оролцвол зохих этгээд болох шинжээч эмч Ё.Д эрүүл мэндийн шалтгаантайгаар хүрэлцэн ирээгүй, гэрч Х.М хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй бөгөөд Т.Б-ын өмгөөлөгч нараас шинжээчийг шүүх хуралдаанд заавал оролцуулах шаардлагатай гэсэн, Ц.М-ын өмгөөлөгчөөс гэрч Х.М-ыг мөн шүүх хуралдаанд оролцуулах шаардлагатай, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй учир гэрчийг албадан ирүүлэх шийдвэр гаргуулахаар тус тус хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, хангаж шийдвэрлэв.
Гэрч Х.М шүүхэд хүрэлцэн ирж, хуралдааны тов мэдсэн атлаа шүүхээс товлосон өдөр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар түүнийг албадан ирүүлэх үндэслэл тогтоогдсон.
Шүүх хуралдааныг 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 10 цаг 00 минут хүртэл хойшлуулж, шүүх хуралдаанд гэрч Х.М-ыг шүүхэд албадан ирүүлэхийг харьяа дүүргийн Цагдаагийн байгууллагад даалгаж шийдвэрлэсэн болно.
Тоймыг бэлтгэсэн: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр